• 07 сарын 30, Пүрэв гараг
Аргалант 3 дугаар багийн танилцуулга
180 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аргалант 3 дугаар баг нь 1992 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 14 дүгээр тогтоолоор суманд 5 баг байгуулагдаж багийн зохион байгуулалтад шилжихэд тус багийн  анхны Засаг даргаар О.Цэгмид сонгогдон ажиллаж байсан. 1992-2021 он хүртэл О.Цэгмэд, Г.Чулуунбаатар, Ш.Гандолгор, П.Даваадулам, Ш.Цэрэнтогмид, О.Ганхуяг  А.Баярмөнх нар багийн засаг даргаар ажиллаж байсан.  2025 оноос багийн  Засаг даргаар Б.Довдондамба  ажиллаж байна. БИНХ-ын даргаар 1992-2000 онд П.Даваадулам, 2000-2008 онд Д.Алтантуяа, 2008-2021 онд А.Баярмөнх, 20212024 онд Б.Мягмарбат, 2025 оноос С.Даваадолгор ажиллаж байна. Аргалант 3 дугаар баг нь Богд, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан сумын нутгуудтай хил залган говь, тал хээр бүсэд оршдог. Багийн нийт өрхийн 85 хувь нь мал аж ахуй эрхлэн сум, улс орныхоо нийгэм эдийн засагт өөрсдийн хүч хөдөлмөрийг шингээн ажиллаж амьдарч байна. Тус багт Аргалант, Тогоо хайрхан, Паалуу, Тэвш тээг, Их бага Тахилга, Шийр зэрэг уул нурууд байхаас гадна Ар-Агуйтын гол нь багийн нутаг дэвсгэрийн төв дундуур олон тохой, сонин янзын голдрил үүсгэн урсан өнгөрч хүн амьтныг ундаалдаг. Багийн нутаг дэвсгэр дээр аргал, угалз бор цагаан гөрөөс, үнэг, хярс, дорго, мануул, чоно зэрэг амьтад тас, шонхор, элээ, сар, хэрээ зэрэг жигүүртэн шувуудтай. Түүх домгийн баримт болсон булш, хиргисүүр, хадны сүг зургийн баян олдвортой. Байгалийн сонин тогтоц бүхий 5 цагаан, Банзан хад, Паалуу, Тэвшийн хадны сүг зураг, Цонжийн хэрэмний туурь зэрэг нь тус багийн нутагт оршдог. Тус багаас төр, улс тив дэлхийд алдартай олон хүн төрөн гарсны дотор Газар зүй ухааны доктор С.Сангидаансүрэнжав, Түүхийн ухааны доктор С.Шааман, Хэл шинжлэх ухааны доктор Г.Чулуун-Эрдэнэ, Т.Эрдэнэ-Очир, МУ-ын Гавьяат тээвэрчин Ч.Сандагдорж, МУ-ын Гавьяат эмч Ч.Банзрагч, МУ-ын гавьяат багш Д.Банзар, МУ-ын Гавьяат эдийн засагч Ж.Шоовдор, МУ-ын аварга малчин Ё.Пүрэвгял, Б.Готов, Ж.Баттөмөр, Р.Бямбасүрэн, Улсын начин С.Чулуунбаатар, МУ-ын Гавьяат дасгалжуулагч, Ази тивийн аварга Улсын начин Ч.Адьяатөмөр, МУ-ын Гавьяат тамирчин, чөлөөт бөхийн Олимпын хүрэл медальт, Ардын багш Ч.Дамдиншарав, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Ч.Насантогтох нар нь энэ багийн газар шорооноос хүний мөрийг анх гарган хөдөлмөр бүтээлийн оргилд хүрчээ.

Тус баг нь 101.469 мкв нутаг дэвсгэртэй, 2024 оны байдлаар 204 өрхийн 684 хүн ам, 49242 толгой малтай, Мянгат малчин олноор төрөн гарсан байна. Аргалант 3 дугаар багаас төр засгаараа хөдөлмөрөө үнэлүүлэн төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, салбар салбарын тэргүүний ажилтан олноор төрөн гарсан билээ. Аймгийн аварга малчин Б.Алтангэрэл Т.Мөнхжаргал, Д.Мөнхтогтох, Л.Ганбат, Д.Мөнхжаргал, А.Мөнхцуурга, А.Баярмөнх, Д.Эрдэнэцуурга, Р.Төмөр-Очир, Ө.Энхтөр, Д.Мөнхбат, Р.Самдан, М.Баярсайхан, Н.Эрдэнэбаяр, Б.Чулуунтогтох М.Баяртогтох, Б.Уламтогтох, Ж.Дорж Аймгийн алдарт уяач А.Баярмөнх, Л.Энхбат, Р.Самдан, Б.Чулуунтогтох, Б.Гэлэгбарьмэд, Улсын их хүлэгч Ц.Ойдовсүрэн, Шагайн аймгийн гоц мэргэн, улсын хүндэт харваач Ж.Бямба-Очир, Улсын хүндэт харваач Д.Түмэнжаргал, Д.Банзрагч, Ч.Цэдэв нарын хүмүүс хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлан гялалзаж яваа билээ.

2025-06-15 10:53:14