• 05 сарын 26, Мягмар гараг
Гучин 2 дугаар багийн танилцуулга
162 ХҮН ҮЗСЭН БАЙНА

              Гучин-Ус сумын Гучин 2-р баг нь 50-иад оны үед Өөш уул сум,  Өөшийн 3-р баг (багийн даргаар нь Ш,Аюушжав  болон  Хавиргын 2-р баг, ( Багийн даргаар нь Ваанчиг) ”Алдар” нэгдлийн үед 1-р бригад , Тэмээн хэсэг  гэсэн  стататустайгаар түүхэн замнал нь үргэлжилсэн . Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед энэ нутгийн ард түмэн ажил үйлсээрээ шалгарч улсын аварга малчид , улсын аварга агент, аймаг, сумын олон сайчуудыг төрүүлсэн байдаг. П.Раднаабазар ахлагчтай Тэмээн хэсгийнхэн ажил үйлсээрээ шалгарч, Газ-53 машинаар шагнуулж байлаа.  Жолоочоор Ё.Зоригт ,Малын эмч Г.Дашцэрэн, Р.Баасанжав,  тэмээчид Г.Самдан, Ди.Самдан, Ц.Сангимятав, Г.Дэмбэрэл, Р.Балдандорж, Т.Рэнчиндаш, Ц.Дашцэрэн, Т.Тогоохүү, Ц.Бямбацоодол, Ц.Халтар, С.Шийрэвгямцай, Ц.Төмөр-Очир, Д.Юндэн Ц.Намгил.Ц.Чулуунбазар, Ч.Дашзэгвэ, Д.Даваадорж , Х.Чулуунбазар нарын зэрэг  Монголын хоолойн үе дамжсан  тэмээчид байлаа.Одоо ч тэдний үр хүүхдүүд удам залгаж тэмээгээ маллан аав ээжийнхээ алдрыг мөнхжүүлэн ажиллаж байгаа нь бахархал төрүүлдэг билээ.                                                                                                                     

        1992 оны шинэ Үндсэн хуулийн дагуу  Засаг захиргааны нэгжүүд шинэчилэн зохион байгуулагдаж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1992 оны 14-р тогтоолоор тус суманд 5 баг байгуулагдахад 2-р баг болон шинээр байгуулагдаж засаг даргаар Ё.Довчинсүрэн (Аймгийн алдарт уяач ,”Баян Найман” ХХК-ны захирал ), 1992-1993 онуудад ажилласан. Түүний дараа Ц.Балжинням ажиллаж ажил үйлсээрээ шалгарч “Ардын эрх “сонины газраас Иж планет-5 мотоциклиор шагнуулж байв. 2000-2012 онуудад “Аймгийн аварга ажилчин” Ерөнхий сайд П.Гэндэнгийн нэрэмжит шагналт Ц.Батдорж,  2012-2016 онуудад Сумын аварга малчин МЗХ-ны тэргүүний залуу алтан медальт М.Доржгаваа,  2016 оноос С.Даваа, 2025 онд Д.Мөнхдэмбэрэл сонгогдон ажиллаж байна. Тус баг нь сумынхаа зүүн болон урд баруун зүгт Төгрөг , Богд,  БаруунБаян-Улаан зэрэг сумдтай хиллэн  150-иад өрхийн 500 гаруй иргэн дийлэнх хувь нь уламжлалт МАА эрхлэн сум орон нутаг , улс эх орныхоо нийгэм эдийн засагт хувь нэмрээ оруулан  амьдарч байна. багт 2024 оны жилийн эцсийн байдлаар 154 өрхийн 535 иргэн амьдарч байна.Мөн 49,816 толгой мал тоологдсон .Үүнээс  2329 адуу, 2274 тэмээ, 780 үхэр, 20064 хонь, 24369 ямаа байна. Тус баг нь сумын нийт газар нутгийн  60 орчим  хувь буюу  284957.23  га нутаг дэвсгэртэй их Аргалант, бага Аргалант, Гучингийн нуруу, Гурван эрээлжүүт,  Хоёр Хонгор, Их бага Үнэгт, Их бага Монгол,  мөн Их бага Мөнх, Улиасангийн нуруу,  Хавиргын нуруу, Овоот, Гишүүнт зэрэг уул нуруудтай,  морин уралдааны толин талбар, Гучингийн тал,  Өндөр толгойн тал, Хурмастын далан, Барданцавын далан зэрэг тэгш тал газрууд,  Монголын хоолой , Хөөврийн хоолой, Тэргэний хоолой зэрэг говь шорвогтой нам дор газруудтай.  Хүнхрээгийн гол,  Аргуйн гол зэрэг урсгал голуудтай. Гучингийн нуруу, Хөөврийн шаврын Үлэг гүрвэлийн чулуужсан яс зэрэг палентологийн олдвор газрууд, Хөөврийн Шөргөөдөг хад , Онын шавар зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудтай. Заг , сухай,  шар бударгана, улаан бударгана,  бор бударгана , харгана, бөөрөлзгөнө, хармага,  тэсэг,   ортууз зэрэг модлог ургамлууд , таана, хөмүүл, хялгана, хазаар, ерхөг, хургалж зэрэг үржил шимт ургамалуудтай.  Аргаль , хар сүүлт,  цагаан зээр зэрэг ховор ан амьтадтай. Үнэг, чоно, хярс, мануул, өмхий хүрэн зэрэг араатан амьтадтай, уул, ус  ургамал, амьтан, ан гөрөөс, араатан жигүүртэн сүлэлдсэн уудам сайхан нутаг билээ. Мөн Тухайн үед багийн даргаар ажиллаж байсан Шоошнойн Аюушжав  Сайд нарын зөвлөлд говь нутгийн хүн малын усан хангамжийн талааар илтгэл тавьж, шийдвэрлүүлж байсан.  Өвөрхангай аймгийн анхны гүн өрмийн худаг, Төөхийн Цагаан эргийн худгаас авхуулаад 60 орчим худаг, уст цэг ажиллаж байна. Энэ сайхан нутгаас ажил үйлсээрээ шалгарч “Улсын аварга малчин” цолоор шагнагдсан Г.Гэндэн, Д.Цэдэн,  П.Лхамцоо, Д.Цэрэндондов түүний хүү Ц.Батбаяр “Улсын аварга агент” П.Баасанжав болон “Аймгийн аварга малчин” цолоор шагнагдсан С.Байгч, С.Шийрэвгямцай(тэмээчин), Д.Юндэн(тэмээчин), М.Отгонбаяр,О.Сэдэд, Ш.Болор-Эрдэнэ(тэмээчин), С.Рэнцэндорж, С.Савчууваанчиг, С.Цэвээндорж (тэмээчин) Г.Нямбаатар, П.Шижээ (тэмээчин), Ж.Цэдэндамба (тэмээчин), Д.Эрдэнэ-Очир, Я.Эрдэнэ-Очир (тэмээчин), С.Чойдоггямцай, Д.Бат-Өлзий (тэмээчин),  Д.Мөнхжаргал Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн  “Алтан ботго”-ны эзэн шагналт О.Сэдэд  Ш.Болор-Эрдэнэ нар төрөн гарсан байна.

 

2025-06-15 10:46:40