АЛСЫН ХАРАА
Байгууллагын соёлын өвөрмөц дүр төрхийг бүрэлдүүлж, чанартай үйлчилгээ-чадварлаг хамт олонтой, үйл ажиллагаа нь тогтворжсон, байнга шинэчлэгдэн чадваржиж байдаг иргэд олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байгууллага хамт олон болж хөгжинө.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээлэн хүндэлж, ардын болон сонгодог урлаг, уламжлалт ёс заншил, түүх соёлоо өвлөн хадгалах, хөгжүүлэн дэлгэрүүлж чанартай үйлчилгээг ард иргэддээ хүргэхэд оршино.
ТАНИЛЦУУЛГА
СОЁЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХ
(1942-1962 он)
Монгол Улсад ардын төр засаг мандсан анхны өдрөөс эхлэн нийгмийн оюун санааны амьдралыг үндсээр нь өөрчлөн байгуулах асуудалд байнга анхаарч, хүн амыг бичиг үсэгт сургах, үндэсний хэлбэртэй хувьсгалт ардчилсан соёлыг хөгжүүлэх замаар Монголын ард түмэн соёлын хоцрогдлыг түргэн арилгахын төлөө тууштай бодлого явуулсан юм.
МАХН-ын Төв Хорооны 1942 оны 12 дугаар сарын бүгд хурлын шийдвэрийн дагуу сумын аж ахуй, соёлын байгууллалтыг жил жилийн төлөвлөгөөтэй хөгжүүлж эхлэв. 1941 оны үед Гучин-Ус суманд соёл гэгээрлийн байгууллагыг анх хөгжүүлэх үйлсэд Ё.Ойдовжанцан багтруул (дуулдаг хайрцаг), сумын Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн дарга, улсын Төв номын сангийн орлогч дарга Т.Доржпалам ном, зурагт хуудас өгч тусалж байжээ.
1942 онд 6 ханатай модон гэрт анхны “Улаан гэр” байгуулагдаж иргэд, хөдөлмөрчдөд ухуулга, яриа таниулга хийж “Улаан гэр”-ийн эрхлэгчээр Должин ажиллаж байжээ. 1948 онд анхны “Улаан булан” байгуулагдаж, 1942-1946 онд эрхлэгчээр нь Ж.Сэдбазар ажиллаж байгаад, 1946-1948 онд Д.Самданмөнх ажиллаж байсан.



1960-аад оны үед сумын анхны клубыг барихаар төлөвлөж тэр үед хөдөөнөөс сумын төвд ирж буй бүх хүмүүс 2-оос доошгүй чулуу тэмээнд ачин ирж байх уламжлал тогтсон байжээ. Ийнхүү 1962 онд 150 хүний суудалтай анхны клуб баригдаж эрхлэгчээр нь Ж.Аюургяна, Н.Мэндээхүү нар ажиллаж байсан түүхтэй.

Сумын соёлын байгууллага нь түүхэн хөгжлийнхөө эхэн үед морин хуур, хуучир, мандалин, бягтруул хөгжимд дуулж бүжиглэн тэр үеийн амьдралаас сэдэвлэсэн сайн дурын уран сайхан ший жүжиг тоглож, олон нийт, сонин уншлага явуулах, самбар, ханын сонин, ухуулах хуудас гаргах, багуудад сурталын бригад ажиллуулах зэрэг үйл ажиллагаануудыг тэр үеийн нам эвлэлийн гишүүд, урлагын авъяастай залуучуудын хүчинд тулгуурлан явуулж байжээ.
1958-1960 онд хүн амаа бичиг үсэгт сургах талаар аймгаас зарласан болзолт уралдаанд сум шалгаран 10 гаруй төрлийн үндэсний хөгжмөөр шагнагдсанаар хөгжмийн зэмсгийн хангалт сайжирч, 1960-аад оноос хөдөлмөрчдийн дунд зохиох соёл, олон түмний ажлын агуулга, хэлбэр улам олон талтай болж хүн амд үйлчлэх соёлын үйлчилгээний хүрээ өргөжиж улс, аймгийн чанартай наадам, тэмцээнд амжилттай оролцох боллоо.
Сумын уран сайханчид тэр үеэс эхлэн уран бүтээлийнхээ урын санг Л.Ванганы “Арвайхээрийн тал”, “Ёс ёмбогор, төр төмбөгөр”, “Ц.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван. Толгой” дуурын хэсгээс тоглож, Монгол ардын дуу “Цэвэр охин”, “Намсан гуай”, “Бээжин лам” зэргийг дуулж урын сангаа арвижуулжээ.
Аймгийн 30 жилийн ой угтсан урлагийн үзлэгт сум III байрт шалгарч уран сайханч Ё.Лхавга, Ж.Лхавгасүрэн нар 2 дугаар зэргийн дуучин, н.Хандсүрэн 1 дүгээр зэргийн бүжигчин цолоор шагнагджээ.
1956 онд анхны нүүдлийн кино цэг байгуулагдаж анхны кино механикчаар Ө.Доржпалам ажиллаж, тэр үедээ бригадаар явж хөдөөгийн иргэдэд киногоор үйлчилж фермүүдээр гаргах, өвөлд нь гэрт нь гаргаж үйлчилдэг байжээ.
Соёлын байгууллагын үүсэл хөгжил бэхжилт нь эхний үедээ сумын удирдлага ард иргэдийн туслалцаа дэмжлэгтэйгээр 1950-аад оны сүүлийн хагасаас “Алдар” нэгдлийн санхүү, аж ахуйн тусламжид тулгуурлах болж, 1991 онд сумын захиргаанд харъяалагдаж улсаас санхүүжин төсөвт байгууллага болжээ.
(1963-1992 он)
1942 онд “Улаан гэр”-ээр үндэс сууриа тавьсан соёлын байгууллага 1965 онд 1000 номтой анхны нүүдлийн номын сан байгуулагдаж, анхны эрхлэгчээр Х.Александр ажиллаж байсан байна. Ингэснээр 1960 оны үеэс соёлын байгууллагын үйл ажиллагаа соёл олон түмний ажлын хэлбэр, материаллаг бааз аажим аажмаар сайжран хөгжим, соёлын байгууллагын орон тоо нэмэгдэж, эрхлэгч, кино механикч, номын санч гэсэн орон тооны ажиллагсадтай болж, 150 хүний суудалтай анхны клубт үйл ажиллагаагаа тогтмол явуулж эхэлсэн байна.
Энэ үед төрөөс хөдөөгийн соёлын байгууллагын боловсон хүчний асуудалд анхаарлаа хандуулж, ЗХУ-ын (хуучнаар) болон дотооддоо соёл урлагийн ажилтан бэлтгэж эхэлсэн ба 14-45 хоногийн курсээр суралцуулж байсан. Ийм курсээр манай сумын олон арван соёлын ажилтан бэлтгэгдэн төрсөн. Манай ахмад соёлын ажилтнуудаас Ж.Лхавгасүрэн, Ш.Суурьхүү, Л.Мөнхөө нарын олон авъяастнууд төгсөж байсан. Ер нь соёлын байгууллагад ажиллаж байсан нийт ажиллагсад 40 гаруй хүн байсан байдаг ба тэдний 27 хувь нь их дээд, тусгай дунд, курсээр боловсрол мэргэжил эзэмшиж байсан.
Сум орон нутагт боловсрол, мэргэжилтэй боловсон хүчний тоо нэмэгдэж сумын иргэд хөдөлмөрчдийн дунд зохиогдож буй соёл олон түмний ажлууд төрөл бүрийн шинэчлэг хэлбэртэй болж байсан байна.
1960-1975 онд соёлын байгууллагын. 15 жил удирдан эрхлэгчээр нь ажиллаж байсан урлаг соёлын ажилд идэвхтэй оролцдог, авъяастнуудаа удирдаж явсан хүний нэг бол Жасрайн Лхавгасүрэн юм. Тэрээр уртын сайхан дуунуудыг төв халхын аялгуугаар дуулж аймаг, сумандаа гайхагддаг нэгэн байжээ. Төв, Завхан аймгуудад хоёр жилээр мэргэжил дээшлүүлж, туршлагажсаны дээр хөдөөгийн иргэдэд соёлын үйлчлэх бригадыг чанартай сайн зохион байгуулдаг байсан.
Ж.Лхавгасүрэн гуай хэлэхдээ: Ж.Аюургяна, Ё.Лхавга, У.Тоомонз, Х.Дэмчигдорж, Ө.Доржпалам, Ж.Сэдбазар, Л.Рагчаа, Ц.Бямбаа, Ц.Даваа, Л.Должид, Ж.Хэнмэдэхэв, Ц.Гаваадондов, Н.Мишигдорж, Ц.Ишээхүү, И.Лхавгасүрэн, Т.Сээсрэгдорж, Г.Сүхбаатар нарын зэрэг олон арван авъяастантай хамтран ажиллаж урлаг уран сайхны ажилд татан оролцуулдаг байжээ.
Одоо энэ авъяастнуудаас өнөөдөр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан 1, Монгол Улсын Тэргүүний уран сайханч 4, Монгол Улсын Ардын авъяастан 1, ардын язгуур урлагийн хүрэл медальт 1 төрж, удам дамжсан гэр бүлийн авъяастан 5 байна.
1975-1977 онд клубын эрхлэгчээр Т.Сээсрэгдорж, номын санчаар Ц.Сэлмаа, кино механикчаар О.Дамдин, н.Батчулуун, үйлчлэгчээр Б.Чимэддолгор, галчаар н.Баасанхүү нар ажиллаж байсан байна.
1980-аад соёлын байгууллагыг чадварлаг удирдаж явсан эрхлэгчдийн нэг бол Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан А.Түмэнбаяр байсан юм. Тэрээр үндэсний хөгжмийг (ёочин) мэргэжлийн түвшинд эзэмшсэн байсан ба клубтээ гэрэлт хөгжмийн төхөөрөмжийг хэсэг залуустай хамтран хийж тэр үедээ ховорхон байсан “Диско” хөгжмийн аялгуунд залуучуудаа цэнгүүлдэг байсан. А.Түмэнбаярыг ажиллаж байх үед Арвайхээр хотод сумын соёл урлагийн 3 хоногийг амжилттай зохион байгуулж, “Говийн дуу” концерт, “Өөрийн замаар” жүжиг тоглож хөдөлмөрчдөөс талархал хүлээж байжээ.
1984-1985 онд сумын клуб нь Улсын тэргүүний соёлын байгууллага шалгаруулах болзолт уралдаанд II байрт шалгарч Соёлын яам, Соёл гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн диплом, мөнгөн шагналыг хүртэж байжээ. Тэргүүний соёлын байгууллагын кино-механикч Ш.Суурьхүү сум, аймгийн хөдөлмөрийн аваргаар 2-3 удаа шалгарч, киноны техник хэрэгсэл хальсыг бүрэн бүтэн, чанартай ажиллагаатай байлгаж, орлогын төлөвлөгөөг тогтмол биелүүлдэг байсан юм.


Энэ нутгийн залуус Хөгжимт драмын театрын жүжигчин Д.Дашзэвэг, Л.Түмэнцэцэг, Д.Халимаг, Л.Рагчаа гэх мэт олон арван мэргэжлийн дуучид, уран сайханчид төрөн гарсан юм. Ардын авъяастан Г.Сүхбаатар 15 настайгаа насны ангиллаар дуучнаар шалгарч байсан. Ийнхүү мэргэжил, ажил үйлсээрээ шалгарсан олон арван алдартныг төрүүлсэн. А.Түмэнбаяр ЗХУ-ын (хуучнаар) Улан-Үдэ хотод Соёлын дээд сургууль төгсөж ирээд аймгийн хөгжимт драмын театрын даргаар ажиллаж байсан.
Соёлын байгууллагыг удирдан чиглүүлж байсан соёлын ажилд туслан хөгжүүлж явсан үе үеийн сум-нэгдэл, засаг захиргааны дарга нар, Монголын Хувьсгал Залуучуудын Эвлэлийн дарга нарыг мартах ёсгүй бөгөөд ялангуяа миний мэдэх сум-нэгдлийн дарга Л.Зэвгээ, Ш.Тогоо, Д.Гомбосүрэн, Засаг дарга Т.Гончигдорж, Ц.Хишигсүрэн, С.Пүрэв, Ж.Энхтуяа, С.Даваа, Н.Данзан нар болон Монголын Хувьсгал Залуучуудын Эвлэлийн үүрийн дарга байсан Г.Дорж, Д.Самданмөнх, н.Доржпалам, н.Ганбаатар, н.Баатарцогт, Д.Гомбожав нарын хөдөлмөр зүтгэлийг дурсах ёстой бөгөөд соёлын байгууллагын хөгжил дэвшил бүгд тэдэнтэй холбоотой юм.
(1993-2012 он)
1990 оны эхээр Монгол оронд өөрчлөлт шинэчлэлтийн үе буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн хямралын үе эхэлж байлаа. Тэр үед зах зээлийн эдийн засаг, бизнесийн ямар ч мэдэгдэхүүн байхгүй, бие даан үйл ажиллагаа явуулах материаллаг баазгүй, дэд бүтэцгүй дөнгөж орон нутгийн хэмжээнд тохирсон төсөвтэй соёлын байгууллагууд ихэнхдээ зогсонги байдалд орж хөдөлмөрчдийн дунд зохиох соёл олон түмний ажил буюу бусад үйл ажиллагаа явуулах нь байтугай улсын хэмжээнд олон клуб үүд хаалгаа цоожилж байлаа. Энэ нь Монгол оронд болсон эдийн засгийн шинэчлэлтэд хамгийн ихээр хүнд туссан салбар бол соёл урлагийн салбар байсан бөгөөд түүн дотроо хөдөөгийн соёлын байгууллагууд хамгийн ихээр өртсөн юм. Энэ үед төрөөс хөдөөгийн байгууллагыг аль болох бага зардлаар хэмнэлттэй ажиллах, цөөн хүний бүрэлдэхүүнтэй чадварлаг үйл ажиллагаа явуулахыг санал болгож байлаа.
Соёлын яамнаас гардаг “Соёлын ажилтанд тусламж” сэтгүүл ирэхээ больж, орон тооны цомхтгол хийх, өөрийн орлогыг нэмэгдүүлэх болсон зэрэг нь ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг байсан Соёлын байгууллага ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг болж зах зээлийн эрдэмд суралцаж, соёлын байгууллагыг удирдах шинэ арга хэлбэрт яаралтай шилжин орсон юм. Нөгөөтэйгүүр төрөөс соёлын байгууллагыг бас ч зөнд нь хаяагүй амь тариа мэт зогоож ялангуяа номын сан, түүх соёлын газруудыг анхааралдаа авч байлаа. Энэ үед улсын хэмжээнд ахуй үйлчилгээ, үйлдвэр, автотээврийн салбарууд хувьчлагдаж томоохон урлаг соёлын байгууллагууд аж ахуйн тооцоонд орж эхэлсэн юм.
Харин Өвөрхангай аймгийн хувьд соёлын байгууллагуудыг аль болох нээлттэй байлгах, үйл ажиллагааг нь зогсоохгүйг хичээн төрөл бүрийн арга хэмжээ авч байсан. Энэ хэцүү үед ч Монгол Улс соёлын тухай хуулийг батлан гаргасан юм. Энэ нь соёлын байгууллагын талаар авсан маш том арга хэмжээ байлаа.
Гучин-Ус сумын соёлын байгууллагын үйл ажиллагаа бусад сумдын адил ажиллаж хамгийн түрүүнд хөдөөд малчдаар үйлчилдэг урлагийн бригадын ажил зогсож, түлш халаалт, цахилгааны асуудал хүндэрч байсан ч шаардлагатай үйл ажиллагаа, лекц, дугуйлан, хурал цуглаан хэвийн явагдаж байсан. Мөн Өвөрхангай аймгаас сумдын байгууллагуудын дэргэд үндэсний хөгжим, бүжгийн сургалтад уран сайханчдыг бэлтгэх ажлыг зохион байгуулж, Гучин-Ус сумаас энэ курсэд Д.Ням-Очир, Г.Баярсайхан, Д.Цэдэнпүлжин, И.Батжаргал, С.Энхтогтох, С.Түмэндэмбэрэл, Ч.Чулуунцэцэг нар суралцаж ирсэн юм. Мөн аймгийн хөгжимт драмын театрын цахилгаан хөгжмийг авч Соёлын төвийн дэргэд цахилгаан хөгжмийн “Залуусын золбоо” хамтлагийг байгуулж, Ц.Орхонтуул, н.Энхтайван, Л.Ганбат (эстрад) багш н.Онолбаатар, н.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж сумдаар тоглолт хийдэг байсан.
Энэ үед Соёлын төвийн дэргэд драмын дугуйлан ажиллаж сумын 10 жилийн сургуулийн хоёр ангийн сурагчид суралцаж байсан ба н.Доржгочоо багштай анги идэвхтэй суралцаж тайлан тоглолт хийдэг байсан. Драмын дугуйлангийн төгсөгчдөөс яруу найраг, ая зохиогч, дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан А.Юндэнбат төрөн гарсан юм.
Монгол Улс бүхэлдээ өөрчлөн шинэчлэгдэн төр засаг өөрчлөгдөж шинэ үндсэн хуулиа баталсан тэр үеэс хөдөөгийн соёлын ажилтнуудыг жил дараалан төрөл бүрийн төрөлжсөн сургалтад хамруулж, зах зээлийн ойлголттой болгох, мэргэжлийн боловсон хүчнүүдийг дээд боловсролоор бэлтгэх арга хэмжээнүүдийг төрөөс тууштай авч байлаа. Энэ үед Гучин-Ус сумын соёлын байгууллага хэдийнээ 50 нас хүрч засаг захиргаа, ард иргэдийнхээ дэмжлэг туслалцаа, соёлын байгууллагын санал санаачлага, идэвх, клубын эрхлэгч Ц.Орхонтуулын төрсөн ах Ц.Булганы хувийн компанийн дэмжлэгтэйгээр соёлын 50 жилийн ойгоо тэмдэглэж наадам зохион байгуулан ойг өргөн дэлгэр тэмдэглэхэд тэр үеийн Засаг дарга Т.Гончигдорж, түүний хамт олон, багийн Засаг дарга нар ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан.
Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Батмөнх суманд хүрэлцэн ирж Соёлын төвийн эрхлэгчтэй санал солилцон аж ахуйн тооцоон дээр 3 жилийн хугацаатай туршлагын журмаар ажиллуулахаар тохиролцон ажиллаж байжээ. Харин 1996 оноос Засаг дарга Ц.Хишигсүрэнгийн санаачлагаар Соёлын байгууллагыг нам даралтын халаалтын зуухтай болгож өгснөөр хүйтэн клубын зовлонгоос салж билээ.
Мөн өөрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Ц.Хишигсүрэнгийн дэмжлэгтэйгээр Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгуудын 50 гаруй сумаар 2 сар шахам тоглолтоор явж, 2 сая гаруй төгрөгний орлого хийж зах зээлийн шинэхэн үйл ажиллагаануудын нэгээхэн том ажлуудын нэг байлаа.
1990 оны дунд үе гэхэд соёлын байгууллагын дэргэд “Цацал” нэртэй теле студи байгуулагдаж телевиз, камер, приставка зэрэг техник хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж, анхны зураглаачаар нь М.Баттулга ажиллаж байгаад Ц.Орхонтуулыг ажиллуулж, хөтлөгчөөр нь Г.Сарангэрэл, Б.Түмэнцэцэг, С.Мөнхнасан болон бусад хүмүүсээр хөтлүүлдэг байсан. Тэр үед орон нутгийн цаг үеийн байдал, теле зохиомж, сумын захиргаанаас өгсөн яриа таниулгыг явуулж, сумын цаг агаар, хүүхдийн болон уран сайхны кино үзүүлдэг байсан. Соёлын байгууллагын хөгжим, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг зохион байгуулж, Соёлын яамны хөрөнгө оруулалтаар иж бүрэн техник хэрэгсэл, “ЯМАХА” хөгжим, компьютер тоглоом, гэрлийн тоног төхөөрөмжтэй болсон нь тэр үедээ шаардлага хангагдсан хэрэгсэлтэй клубын нэг байлаа.
1990-ээд оны дунд үеэс уран бүтээлийн чанарт өөрчлөлт гарч аль болох цөөн хүнтэй цомхон урлагийн тоглолт, гэр бүлээрээ урлагийн тоглолт хийх, бие даасан тоглолт хийх хэлбэрүүд хөгжиж эхэлсэн. Анхлан Л.Гялбуугийн 10 хүүхдээс бүрдсэн “Ахан дүүс” хамтлаг байгуулагдаж анхны концертыг сумын төвд тоглож, сумын ард иргэдэд танилцуулж, аймгийнхаа сумдаар тоглолт хийж 1997 оны үед Улаанбаатар төмөр замын урилгаар Монгол Улсын урд хилээс хойд хил болох Замын-Үүдээс Сэлэнгэ, Алтанбулаг хүртэл бүх өртөөнүүдээр аялан тоглолт, Монгол Улсын ардын авъяастан Г.Сүхбаатарын гэр бүлийн “Бэлчээрээс өргөх аялгуу”, Г.Бат-Ёндонгийн гэр бүлийн “Тэгш таван хүсэл”, багш Д.Халимагийн гэр бүлийн “Есөн эрдэнэ” концерт, Ц.Орхонтуул, И.Лхавгасүрэн нарын бие даасан тоглолтууд аймаг, суманд тоглогдсон юм.
2000 оноос Соёлын төвийг аймгийн Засаг даргын захирамжаар сумдын соёлын байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, тэдний ажиллах хүрээг өргөтгөх, орон тоог нэмэгдүүлж сумандаа соёл, хүүхэд залуучууд, нийгмийн халамж, албан бус боловсрол, номын сан зэргийг өргөтгөсөн үйл ажиллагаа явуулах зорилгоор Иргэдийн Хөгжлийн Төв нэртэй болгож, даргаар нь Ц.Орхонтуул, Албан бус боловсролын ажилтнаар Н.Тунгалаг, Хүүхэд залуучуудын ажилтнаар М.Баттулга, номын санч-мэдээллийн ажилтнаар И.Эрдэнэцэцэг, Халамжийн ажилтнаар А.Дондов, Д.Алтантуяа нар ажиллаж, байгуулагдсан цагаасаа аймагтаа Тэргүүн байрт шалгарч байлаа.

Соёлын байгууллагын номын сангийн фондыг нэмэгдүүлэх, сумдад номын солилцоо хийх, фондод ашиглагдахгүй ном хэвлэлийг устгах, номын үзэсгэлэн гаргах, музейг шинэчлэн Засаг даргын Тамгын газрын байранд шилжүүлэх, түүх соёлын дурсгалт газруудыг хаягжуулах, хамгаалалтад авч малчдад хариуцуулах зэрэг олон арга хэмжээг тууштай авсан юм. Олон арван жил болсон Соёлын төвийн барилгыг аймгийн хөрөнгө оруулалтаар их засварт оруулж, сүүлийн үеийн загвараар засварлан шинэчилж ашиглалтад оруулсан.
2002 онд Гучин-Ус сумын Соёлын төв нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамны шагнал “ЯМАХА” хөгжим техник хэрэгслээр шагнагдаж байсан. Ийнхүү Соёлын төв нь 2000-аад оноос эхлэн ерөнхийдөө барилга байшин, хөгжмийн болон гэрлийн тоног төхөөрөмж, номын сангийн тохижилт, техник тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн ажлууд хийгдсэн. Мөн энэ онд Соёлын байгууллагын 60 жилийн ой тохиож Засаг даргын Тамгын газар, нийт малчид, иргэдийнхээ ивээл дор өргөн дэлгэр тэмдэглэж мэргэжлийн урлагийн байгууллагын төлөөлөл оролцсон концерт, наадмыг өргөн дэлгэр хийн Засаг дарга Ж.Энхтуяа, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Даваа нар идэвхтэй дэмжин зохион байгуулалцсан.
Соёлын төвийн дэргэд 10 жилийн сургуулийн сурагчдын О.Цогбат ахлагчтай Э.Батгэрэл, Х.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэй дуу хөгжмийн “Байлдан дагуулагч” хамтлаг байгуулагдан Улаанбаатар хот, аймаг, сумдад олон удаагийн тоглолт хийж, сонин хэвлэлд магтан бичигдэж байсан түүхтэй.
2005 онд УИХ-ын гишүүн З.Энхболдын ивээл дор Гучин-Ус сумын сургууль, Цэцэрлэгийн 50 орчим хүүхдийн бүрэлдэхүүнтэй “Ертөнц” тоглолт Улаанбаатар хотын Хүүхдийн ордонд болж, Улаанбаатарчууд, нутгийн уугуул иргэд, хөдөлмөрчдөд сонирхуулж өндөр үнэлэлт авсан нь манай хүүхэд багачуудын хоёр дахь тоглолт байлаа. Мөн хүүхэд багачууд маань олон улсын Найрамдал зусланд амарч хотын соёл урлагийн байгууллагуудтай танилцан, Соёлын төв, Ерөнхий боловсролын сургуулийн дэргэд морин хуур, ардын бүжгийн хамтлагуудыг байгуулж хөгжим хувцсаар нь хангаж, 1 сарын сургалтыг мэргэжлийн багш нар зохион явуулан морин хуур, бүжгийн хамтлагууд олон тоглолтод амжилттай оролцож өндөр үнэлэлт авч, морин хуурын хамтлаг маань Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд урилгаар оролцсон түүхтэй.
2007 онд болсон сум сурталчлах өдөрлөгийн үйл ажиллагаанд сумаараа идэвхтэй оролцож, урлаг спортоороо I байрт шалгарч, сумаараа II байрт орж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан иж бүрэн техник хэрэгслээр урамшуулсан.
С.Мөнхтуяа “Дөмөн” хэмээх уртын дуучин Дулмаагийн нэрэмжит төвийн бүсийн аймгуудын уртын дуучдын уралдаанд Тэргүүн байр (2008 онд) Монгол Улсын ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай дуучин Норовбанзадын уртын дуучдын уралдаанд шагналт байранд орж байсан ба Улаанбаатар хотод “Сарны чулуу” чуулгад дуучнаар ажиллаж байсан.
Соёлын төвийн эрхлэгч О.Цогбатын ая, П.Нанжиндоржийн үг “Эх орон минь Аргуйн голоос эхтэй” дуу нь Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Үнэнхүүгийн дуулснаар Улаанбаатар хотноо болсон Өвөрхангай аймгийн түүхт 80 жилийн ойд зориулсан нутгийн дууны уралдаанд IY байранд шалгарсан.
Соёлын төв нь 2012 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харъяат ахмад дипломатч Дэмчигдоржийн хүү рок попыг үндэслэгчийн нэг, эстрадын урлагийн анхны гавъяат, Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Галсанбатын нэрэмжит болсон.

Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс зохион байгуулсан “Монгол дууны их наадам”-аас Б.Ууганбаяр тэргүүн байр буюу Гранпри шагнал, UBS телевизээс зохион байгуулсан “Universe Best Songs-2012” гадаад дууны уралдаанд Х.Авирмэд шилдэг 25-д шалгарсан.
(2013-2023 он)
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Батнасангийн цомнол, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан О.Цогбатын хөгжмийн найруулгаар “Болдоггүй бор өвгөн” мюзикл жүжгийг анх удаа орон нутгийн тайзнаа тавьж, аймаг болон Улаанбаатар хотноо, 2014, 2016 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Галсанбатын нэрэмжит эстрадын дуу дуулаачдын аймгийн уралдааныг хөгжимт драмын театрт зохион байгуулсан.
Гучин-Ус сумын “Авъяаслаг хүүхдүүд” шоу уралдааныг зохион явуулж 85 төрөлд 166 хүүхэд 3 үе шаттайгаар оролцон шилдгүүдээ шалгаруулан 2018 онд аймгийн хэмжээний 1000 хүүхэд оролцсон найрал дууны “Инээмсэглэл-1000” арга хэмжээнд оролцож, “Мянган мянган инээмсэглэл” дууны аяыг Соёлын төвийн эрхлэгч О.Цогбат зохиож, 2019 онд Улаанбаатар хотноо болсон хөдөөгийн Соёлын байгууллагын урлагийн ажилтны анхдугаар их наадамд хамт олноороо оролцож 21 аймаг тус бүрээс шалгарсан 20 сумдтай өрсөлдөн III байр эзэлсэн.
Соёлын төв нь 2019 онд 250 хүний суудалтай шинэ барилгыг ашиглалтад оруулж, Орон нутаг судлах танхимын тохижилт, үзүүлэг, дэглэлтийг шинэчлэн, үйлчлүүлэгчдийн тав тухтай тохилог орчинг бүрдүүлэх үүднээс байгууллагын дотор талыг тохижуулсан.

2023 онд сумын 100 жилийн ойн ажлын хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд “Гурван домогт нутаг” урлагийн наадмыг явуулж, шилдгүүдээ шалгаруулсан.

Энэ 10 жилийн хугацаанд Ардын авьяастан 3, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан 4 төрөн гарч, соёл урлагийн чиглэлээр 4 хүүхэд суралцаж байна.
Манай байгууллага нь 2018 онд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шагнал “Тэргүүний уран бүтээлч хамт олон”, “Хүүхдэд ээлтэй байгууллага” 2019 онд аймгийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны газрын “Менежмент сайтай байгууллага”, “2023 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Оны шилдэг байгууллага” зэрэг шагналуудаар тус тус шагнагдсан.
НОМЫН САНЧААР АЖИЛЛАЖ БАЙСАН АЖИЛТНУУД:
Х.Александр 1965 он (Анхны номын санч), Ц.Сэлмаа 1974-1978, Жамьяндоржийн Цэцэгбунд 1978-1980, Хас-Очир Энхтуяа 1980-1983, Н. Сэлэнгэмаа 1983-1985, Лүндэгийн Цэрэнханд 1985-1989, Чойнхорын Балжидрэгмаа 1989-1990, Чогдонгийн Ононбаяр 1990-1996, Ичинноровын Эрдэнэцэцэг 1996-2003, Орхонтуулын.Цогзолмаа 2003 оноос одоог хүртэл ажиллаж байна.
БҮЖГИЙН БАГШААР АЖИЛЛАЖ БАЙСАН АЖИЛТНУУД
Чогдонгийн Жаргалмаа 2008-2009, Баяраагийн Тунгалагсайхан 2009-2010, Чогдонгийн Хишигжаргал 2014 онд 3 сар, Ганбаатарын Отгонжаргал 2015-2020, Бэхбатын Хургаа 2021-2022 он, Батнямын Долгормаа 2023-2024 он хүртэл ажиллаж байсан.
ХӨГЖМИЙН БАГШААР АЖИЛЛАЖ БАЙСАН АЖИЛТНУУД
Раднаабазарын Мөнхжаргал, Түгжвандан Даарийдулам 1993-1994, Долгорсүрэнгийн Алтанзул 2011-2013 он, Мөнх-Очирын Жамбалдорж 2013-2014 он, Батдоржийн Бавуудорж 2014-2019 он, Мөнхжаргалын Мижиддорж 2019-2020 он, Цэдэнбалжирын Дашдэмбэрэл 2022 онд ажилласан
КИНО МЕХАНИКЧЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН АЖИЛЧИД
Өөлдийн Доржпалам 1956 (анхны кино механикч), Дамдин (хүүш), Суурьхүү 1979-1992 онд ажиллаж байсан.
ҮЙЛЧЛЭГЧ-НЯРАВААР АЖИЛЛАЖ БАЙСАН АЖИЛЧИД
Чимэддолгор 1966-1979 он, Лхадан 1979-1982 он, Гайтавын Соль 1982-1990 он, Болоожийн Цэцэгсүрэн 1990-1995 он, Жигмэдийн Адьяа 1995-1999 он, Орхонтуулын Цогзолмаа 1999-2003 он, Ичинноровын Лхавгасүрэн 2003-2011он, Лодойдамбын Отгонжаргал 2011-2022 он, Очирхуягийн Бямбадолгор 2022 оноос ажиллаж байна.
МАШИНИСТУУДААР АЖИЛЛАЖ БАЙСАН АЖИЛЧИД
Болдын Ууганбаяр, Цэдэнгийн Наранбаатар, Ламдоржийн Ганболд, Гомбожавын Бат-Ёндон, Өлзий-Оршихын Хатанбаатар, Түмэн-Өлзийн Өлзийбат, Халимагийн Энхтүвшин, Сүхээгийн Ганчулуун, Рагчаагийн Дашравдан, Нанжиндоржийн Баярсайхан, Төмөртогтохын Мөнхбат, Доржсэмбээгийн Лувсандорж, Цоодолын Оргодол нар ажиллаж байсан.
Хаяг: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын IY баг Баянхошуу Мэйл хаяг: uv.guchinus.soyol@gmail.com Холбоо барих утас: 88029464
2025-06-15 11:27:41